Friday, January 1, 2016

Го гэж юу вэ?

Энгийн бөгөөд агуу
Энгийн юм агуу байдаг, агуу юм энгийн байдаг гэж эртний үг бий. Энэ үг Го хэмээх хөлөгт тоглоомонд биелэлээ олсон мэт. Учир нь хар цагаан өнгийн, нэгэн жигд чулуугаар, хоёрхон дүрмийн дагуу,  нэг л ижил нүүдэл хийж тоглох боловч орчин цагийн хүчтэй компьютер 2016 онд анх удаа хүнийг дийлсэн түүхтэй.  Нүүж сурахад хэдхэн минут л ордог маш амархан боловч сайн тоглож сурахад бүхий л амьдрал хангалтгүй гэж нэг мэргэжлийн тоглогч хэлсэн байдаг. 

Яагаад хожуу хөгжив
Азийн орнуудад түлхүү хөгжиж маш өндөр цалин шагналтай мэргэжлийн спорт болоод байгаа Го хэмээгч нь өнөөг хүртэл олон нийтийн дунд түгэн дэлгэрээгүй шалтгааныг судлаачид олон янзаар тайлбарладаг. Го бол зөвхөн хаад ноёд цэргийн өндөр албан тушаалтнууд тоглох ёстой энгийн ард иргэд тоглохыг хориглосон стратегийн ач холбогдол бүхий тоглоом байсан учраас төдийлөн танигдахгүй байсаар хаад ноёд “эрс цөөрсөн” 20-р зууны эхэн үеэс дэлхий дахин мэддэг болж хөгжүүлж ирсэн байдаг. 


Стратеги ба тактик
Стратегийн шийдвэр гаргах, тактикын бодлого боловсруулах байдлаар хүний баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлэх чадвартай уг тоглоомыг олон орон ихээх сонирхож хөгжүүлэх болжээ. Япон Солонгос Хятад гэсэн гурван улс мэргэжлийн өндөр ур чадвар бүхий тоглогчдоор дэлхийд тэргүүлж байгаа бол сүүлийн жилүүдэд Европын улсууд хүчтэй хөгжүүлж 2013 онд Япон улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Украйн улс хүрэл медаль авч байв. Энэ бол Европчуудын өөрсдөө авсан анхны медаль байлаа. Украйны тамирчин н.Артем бол өндөр мэргэжлин багшаар 4-5 жил заалгаж байгаа залуу авьяаслаг тоглогч юм. 

Го хэнд илүү хэрэгтэй вэ?
Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад го тоглох нь хүүхдийн тархины хөгжилд онцгой нөлөө үзүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ зан төлөвийн хувьд мөн эерэг нөлөө үзүүлж байгааг тогтосон байдаг. Стратегийн шийдвэр гаргах нь тархины зүүн талыг хөгжүүлдэг бол “идэлцэх” тохиолдолд тактикын бодлого боловсруулж тархины баруун тал ажиллаж эхэлдэг байна. Мөн нүүдэл бүхий хариуцлагатай, хожлын ач холбогдолтой байдаг учраас хөнгөн хуумгай зан байдлыг төлөвшүүлж хүүхдийг илүү буурьтай тооцоотой болгохоос гадна хүлээцтэй ухаалаг, хамгийн зөв шийдвэр гаргахад тусалдаг байна. Хүүхдүүд маш хөдөлгөөнтэй эрч хүчтэй байдаг бол го тоглогч хүүхдүүдийн хувьд энэ их эрч хүч “тархинд” нь буцалж нэг ёсны бясалгал болж өгдөгөөс хүүхдийн тархины чадамжийг эрс нэмэгдүүлдэг аж. Тиймээс го тоглогч хүмүүсийг эртнээс ухаантай гэх байдлаар хүндэтгэж ирсэн буюу ухаан суулгах ёстой хүмүүстээ го заах болжээ. Ингэснээр зөвхөн ихэс дээдсийн хэмжээнд хязгаарлахад хүргэж энгийн ард иргэдэд “тоглоом тоглохыг хориглосон” шийдвэр гаргахад хүргэж байсан бололтой.