Monday, April 17, 2017

Го, Сэтгэхүй ба Хүүхэд


Тоглоом нь хүүхдийн боловсрол болон сэтгэхүйг хөгжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг гэдгийг бид ойлгоод эхэлчихсэн билээ. Баруунд хийгдсэн судалгаагаар бол хүүхдүүд шатар тоглох нь зөвхөн тархины хөгжилд бус нийгэмших, сурлагын амжилт гаргахад ч нөлөөлдөг гэжээ. Гэхдээ баруунд хийгдсэн энэ судалгаанд Го-г хамруулаагүй байгаа юм.
Го яагаад багачуудын боловсролд эерэг нөлөөтөй вэ? Японы сэтгэл судлаачид Го тоглодог хүүхдүүдийн дунд нилээн олон судалгаа хийсэн байдаг. Үр дүнд нь Го бол хүүхдийн байгалиас заяасан авьяасыг хөгжүүлэхэд тус болох хамгийн зөв зам гэж дүгнэсэн. 



Бас нэгэн судалгаанаас харахад Го-гийн сратеги нь тоглоомын хөлгийг тэр чигт нь хамруулж чаддагт оршино гэжээ. Өөрөөр хэлбэл хөлөг дээрх багахан хэсэгт болж буй тоглолт хөлөгийг тэр чигт нь хамруулж чаддагт байдаг. Үүнээс үүдэн ийм гаргалгаа хийж болно: хүүхдийн дэлхийг харах үзэл хавчигдмал байдаг харин Го тоглосноор дэлхийг харах үзэл нь  илүү тэлж өгдөг байна.          
Хүүхэд хэдий чинээ эрт тоглож эхэлнэ үр дүн төдий чинээ сайн байх болно. Дөрөв эсвэл таван наснаас эхлэх нь тохиромжтой. Энэ насан дээр хүүхдийн тархины 65-70% нь хөгжчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл Го нь 4-5 настнуудад сэтгэн бодохыг заахад хамгийн тохиромжтой. Тэгээд ч хүүхдүүд өөрсдөө Го тоглох дуртай байх болно яагаад гэвэл энэ нь өөрөө хөгжилтэй  тоглоом.
Го гэдэг тоглоомын хүүхдэд өгдөг хамгийн чухал чадвар бол төвлөрч (анхаарлаа төвлөрүүлж) сурах. Хүүхэд тоглож байхдаа тоглоомондоо анхаарлаа бүрэн хандуулдаг яагаад гэвэл тоглох нь зугаатай учраас тэр. Тоглож байхдаа янз бүрийн боломжуудыг хөлөг дээр яаж харагдахыг толгойдоо буулгаад тэндээсээ аль тохиромжтойг нь бодсоор эцэстээ хариугаа олох замыг төсөөлдөг байна. Энэ үед хүүхэд сэтгэх чадвараа бүрэн ашиглаж чаддаг. Хүүхэд сэтгэхүйгээ ингэж ажиллуулж байхдаа анхаарлаа өөр зүйлд хандуулах нь юу л бол. Анхаарлаа төвлөрүүлэх бол суралцаж олж авдаг зүйл. Хүмүүс дуртай ажлаа хийж байхдаа анхаарлаа төвлөрүүлэхийг сурдаг. Гэхдээ идэвхтэй идэвхгүй гэсэн хоёр төрлийн төвлөрөлт байгаа. Тухайн хүүхэд дуртай телевизийн хөтөлбөрөө үзэхдээ анхаарлаа төвлөрүүлдэг гэхдээ энэ бол идэвхгүй гэдэгт тооцогдоно. Го бол тоглох үед оюун ухаанаа эцэст нь тултал ашиглахыг шаарддаг. Та хүүхдийг Го тоглож байхад нь ажиглаад үзээрэй, нүд нь хөлөгтэй наалдсан мэт харагдах ба өөр зүйл анхаарлыг нь саринуулж чадахгүй. Үр дүнд нь Го тоглох явцад олж авсан төвлөрөх чадвар нь амьдрал дээрх ямар ч үед хэрэглэгдэж явдаг.
Магадгүй ийм учраас л Токиогийн Их Сургууль (Японы Харвард нь) мэтийн Японы сайн их сургуулиудад элсэгчид мөн томоохон байгууллагуудын удирдагчид бүгд Го тоглогчид байдаг байх.
Го-гийн хамгийн чухал давуу тал  нь тоглох явцад хүний мэдрэмж болон логик хоёрыг зэрэг ашиглуулж чаддагт оршино. Тоглолтын эхэн үед нүүх дэндүү олон сонголт байдгаас хэн ч аль нь алинаасаа илүү нүүдэл вэ гэдгийг баттай хэлж чадахгүй. Мэдээж стратеги шийдэл гаргаж түүнийхээ дагуу тоглох хэрэгтэй боловч мэргэжлийн тоглогчид хүртэл мэдрэмжээ дагаж тоглох нь бий. Гэхдээ тоглолт үргэлжлэх явцад локиг чадвар илүү тодорч төгсгөлд нь хамгийн хэрэгтэй зүйл болж хувирдаг. Логик чадвар ашиглахыг шаарддагаараа шатар, Го хоёр ижил байж болох ч хүний бүтээлч чадвар шаардах тал дээр шатар тэр хэмжээнд хүрэхгүй билээ. Энд нэг зүйл тодотгоход компьютер ч дунд зэргийн тоглогч шиг тоглож чадахгүй(компьютер нь мэдрэхүй гэж байхгүй учраас). Энэ сэдэв бол олон ч програмист, хиймэл оюун ухаан судлаачид бас Го тоглогчдын хувьд сайн судалгааны сэдэв нь болдог. Жишээ нь: Тайваньд нэгэн бизнесмэн 1 дантай сонирхогч түвшинд хүрэхүйц програм зохиож чадвал 1 сая америк доллар өгөхөөр амласан байдаг.( Үнэндээ тэр хүн 1997 онд нас барсан ба шагналын сан 2000 оныг дуустал хүчинтэй байсан)


Тархитай холбоотой багахан мэдээлэл өгөх нь зүйн хэрэг юм. Хүний тархи баруун зүүн гэсэн хоёр тал бөмбөлөгтэй. Ерөнхийдөө баруун гараа ашигладаг хүний зүүн тархи илүү хөгжсөн байдаг. Логик болон хэл ярианы чадвараа энэ тархиар удирддаг. Солгой гартай хүмүүсийн хувьд баруун тархи нь илүү хөгжсөн байдаг. Илүү хийсвэрлэг бүтээлч чадварууд: хөгжим, орон зайн дүрслэл гэх мэт чадварууд баруун тархиар удирдагддаг байна.
Цүс харвалтын үед тархины нэг тал нь гэмтдэг. Хэрвээ Го тоглодог хүн цус харваад тэр нь баруун тархийг гэмтээсэн бол тоглоомын эхлэлд маш сул байх ба тоглолтын дунд болон төгсгөлд өмнөх шигээ хүчирхэг болчихдог. Хэрэв харвалт тархины зүүн талыг гэмтээсэн бол тоглогчийн эхлэл хэсэг өмнөх шигээ хүчирхэг байхад тоглолтын дунд болон төгсгөлд хуучин шигээ хүчирхэг болдоггүй байна. Ер нь бол харвалтын дараа хүн буцаад хэвийн болоход маш хэцүү байдаг. Гагцхүү солгой гартай хүмүүст хэл ярианы чадвараа олж авахад тийм ч хэцүү байдаггүй. Гайхмаар зүйл гэвэл 4-5 настайгаасаа Го тоглосон хүн цус харвасны дараагаар баруун гараа хэрэглэдэг байлаа ч хэл ярианы чадвараа амархан олж авч байсан нь ажиглагдаж байжээ.
Тархиныхаа ганцхан талыг хэрэглэх нь өгөөжгүй. Гагцхүү Го тоглож тархиныхаа хоёр бөмбөлөгийг зэрэг ажиллуулах гэж хичээснээр логикоо ч бүтээлч чадвараа ч давхар хөгжүүлдэг байх нь.   
Cho Chikun – Kisei, Meijin болон Honinbo цолын эзэн, Go a Complete Introduction of the Game, 1997 Tokyo,

Kiseido хэвлэл.
Mick’s Computer Go Page, Компьютер ба Го.

Эх хувилбар: http://go.metu.edu.tr/yazi9.html
Орчуулсан: Н.Хандсүрэн