Tuesday, May 2, 2017

Мэргэжлийн Го-гийн тамирчдын орлого хэд орчим байдаг вэ?

Энэ бол Го-гийн гайгүй шиг тамирчин болно гэж өөрийгөө тоож байгаа эхлэн суралцагч бүрийн сонирхдог асуулт юм. Асуултыг хэзээ сонирхож эхэлсэнээр нь тухайн тоглогчийн өөртөө хэр их итгэлтэй байгааг харж болно. Бүр го-гийн чулуу барьж үзэхээсээ ч өмнө асуултын хариуг сонирхох хүн ч бий. Го бол мэргэжлийн спортууд дундаа өндөр цалинтайдаа ордог. Өмнөд Солонгосын мэдээгээр бол мэргэжлийн бейсболын тамирчнаас илүү гарна гэдэг.  Өмнөд Солонгосын алдарт тамирчин мэргэжлийн 9 дантай Ли Чанг Хо нэг жилд 76 өрөг тоглож нийтдээ Нэг 900 сая воннын цалин авсан байх юм. Энэ нь нэг тоглоход 12 сая вон болж байгаа хэрэг юм. Мэргэжлийн тамирчид нэг өргийг  нэг талаас 120 нүүдэлд дуусгадаг гэвэл түүний нэг нүүдэл бүр бараг 100,000 вонын үнэтэй байх нь. Харин AlphaGO-гийн эсрэг 1 сая долларын бооцоотой тоглоод 4-1 харьцаатай ялагдсан Ли Седол 500 сая вон, жил бүр манай улсад айлчилж го-гийн нөхөрсөг тэмцээний шүүгчээр ажилладаг мэргэжлийн 9 дантай Чо Хүнхюн 400 сая воныг цалиндаа авсан байна. Харин Японы мэргэжлийн тамирчин Чо Ю 78 сая иен авсан бол Хятадын Чанг Хао 1,110,000 юань авчээ. Ямар нэг байдлаар цалин авдаг мэргэжлийн тоглогч Өмнөд Солонгост 200, Японд 450, Хятадад 300, Тайваньд 25 байдаг ба нийтдээ 1000 орчим болдог байна. Дээрх тоо баримт бол  ердөө 2001 оных бөгөөд зөвхөн албан ёсны цалин гэж мэдүүлсэн мөнгөн дүн төдий зүйл юм. 

Энэ оны байдлаар цалингаас гадна ивээн тэтгэгчийн шагнал, тэмцээний урамшуулал талийж өгсөн сурагтай. Томоохон ивээн тэтгэгчтэй мэргэжлийн бооцоот тэмцээнүүд бараг сар бүр сүр дуулиантай явагдаж өнгөрдөг бөгөөд Го-гийн салбарт урсаж байгаа мөнгөний хэмжээ оюуны спорт дундаа толгой цохиж эхэлжээ. Го хэмээх энгийн бөгөөд агуу тоглоомыг мөнхөд булаацалдаж ирсэн Хятад Солонгос Япон зэрэг улсын тэргүүлэх бизнесменүүд томоохон гэрээ хэлцэл хийхдээ шилдэг тоглогчдыг дагуулан явж “хэн нь ухаантайгаа” үздэг бололтой. Тиймээс сайн тоглох ур чадвартай тамирчны эрэлд хатаж цалин урамшуулал нь огцом өссөн байна. Одоо 2017 оны байдлаар дээд түвшний супер тулааны ялагчийн шагнал хэдэн сая ам.доллараар яригдах болжээ. Манай улс IQ үзүүлэлтээр эхний 5-р байранд орсон амжилттай учраас энэхүү Го хэмээх спортоор дэлхийд гарахад  толгой хүрэхгүйн зовлон байхгүй юм. Мэргэжлийн сүмогийн ертөнцөд цус сэлбэхээр Монголд ирсэн хүмүүс энэ зорилгоо биелүүлж 4 аварга төрүүлсэн туршлагыг харвал удахгүй толгой сийрэг монгол тамирчдыг элсүүлэхээр мэргэжлийн клубүүд зорин ирэх бизээ. Манай тамирчдын хувьд ч өндөр цалин урамшуулалтай оюуны спортоор дэлхийн дансанд нэрээ бичүүлэх сайхан боломж олдох нь гарцааагүй.